Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, хомсдолын учир шалтгааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдөр Ерөнхий сайдад ажлаа танилцууллаа. Болж байгаа нөхцөл байдалд тайван хандаж төр, засгаа ойлгож байгаа иргэддээ баярлалаа. Сард 75 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Наймдугаар сард 54 мянган, есдүгээр сард 62 мянган тонн шатахуун хэрэглэсэн. Харин аравдугаар сард 78 мянган тонн шатахууныг Хятад улсаас авахаар болсон байгаа. Цаашид шатахуун нөөцлөх саваа нэмэгдүүлнэ. Энгийн үед өдөрт 1000 тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг байсан бол одоо 1700 тонныг аваад шок арилахгүй байна. Хэд хоногоос тасалдал арилна. Гэхдээ ирэх сард яахыг мэдэхгүй байна.
БНХАУ өчигдөр нефтийн хэрэглээний бүх экспортоо зогсоочихлоо. Орж ирэх хэмжээ багассан. Ачилт жаахан багасахад тасалдал үүсэж байгаа. ОХУ хоёр хоногийн өмнө экспортын хэмжээгээ нууцалж эхэлсэн. ОХУ-ын газрын тосны 32 үйлдвэрийн 24 нь нэгээс дээш удаагийн бөмбөгдөлтөд өртсөн. Дотооддоо хүртэл нөхцөл байдал нь хүнд байна.
Онгоцны түлш болон дизель түлшний нийлүүлэлт бол хэвийн болсон. Харин АИ-92 шатахууны нийлүүлэлт дэлхий дахинд хүнд байна. Бид аль болох олон эх үүсвэрээс импортлохыг хичээж байгаа. Их бага гэлтгүй шатахуун өгч байгаа улсуудтай гэрээ хийнэ. Ганц Монгол Улс шатахууны хомсдолд ороод байгаа юм биш, дэлхий дахинд хүн байна. Шатахууны үнэ дэлхийн зах зээлийн жишгээр зарагдаж байгаа. АИ-92 шатахууныг хамгийн боломжит үнээр зарж байна.
30-аад жил хийгдээгүй шатахуун нөөцлөх савны асуудлыг шийдэж байна. Олон эх үүсвэрээс шатахуун авахаар ажиллаж байгаа. Энэ мэт ажлуудыг хийж байна. Засгийн газар болон намайг огцруулаад дэлхийн шатахууны асуудал хангалт, нийлүүлэлт хэвийн болдог бол шууд одоо больчихмоор байна. Монгол Улсын Засгийн газар шатахуун зардаггүй. Бид зөвхөн бодлогын дэмжлэг үзүүлдэг. Байгаа юмыг өгөхгүй, дэлхийн нөхцөл байдал хэвийн байхад шатахуун өгөхгүй байгаа бол хариуцлага хүлээхэд бэлэн.





























