COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж буй. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй, ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам аж.
Тус байгууллага нь 2016 оноос хойш Улаанбаатар хоттой хамтран ажиллаж, нүүрстөрөгчийн бага ялгаралтай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн тогтвортой хөгжлийн шилжилтийг дэмжсээр иржээ. Тухайлбал, Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна.
Энхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, хотын уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн болон хамтын ажиллагааны шинэ суурийг бүрдүүлэх юм.






























