Одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн шугам сүлжээ бол Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 километр үргэлжлэх “Туул-1” коллектор юм. Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг төв цэвэрлэх байгууламжид хүргэх өндөр ач холбогдолтой “Туул-1” коллектор нь ашиглалтад орсноор хотын ариутгах татуургын хүчин чадал 80 хувиар өсөж, 300 мянган айл өрх шинээр холбогдох боломж бүрдэх юм. 2028 онд уг шугамыг бүрэн угсарч дуусгахаар холбогдох мэргэжилтнүүд төлөвлөн ажиллаж буй бөгөөд энэ оны тухайд УСУГ-аас 6 км шугамыг угсрах юм байна.
УСУГ нь"Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2024 оноос эхлэн "Туул 1" коллекторын 3,4 дэх хэсэг буюу 10.4 км шугамыг угсарч ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. 10.4 км шугамын трасс нь газар чөлөөлөлт ихтэй, бусад инженерийн шугамуудтай давхцсан, огтлолцсон зэрэг асуудалтай байгаа аж.



















