Монгол болон АНУ-ын засгийн газар хоорондын гэрээгээр Улаанбаатарын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор "Баруун эх үүсвэр"-ийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Мөн ус дахин боловсруулах үйлдвэр баригдсан. Энэ нь цэвэршүүлсэн усыг авч дахин боловсруулаад ТЭЦ-3 зэрэг томоохон үйлдвэрийн хөргүүрийн усанд ашиглах боломжтой үйлдвэр юм. Ирэх дөрөвдүгээр сард АНУ-ын Засгийн газрын гэрээний хугацаа дуусаж манай улс тухайн хоёр үйлдвэрийг хүлээн авна. Энэ хэдий сайн мэдээ ч гэсэн наана нь зайлшгүй шийдэх ёстой асуудал байгаа нь УСНЫ ҮНЭ юм. Учир нь тус хоёр үйлдвэрийн зардал нь маш өндөр бөгөөд манай улс шиг усыг иргэдэд хүргэж байгаа өртгөөс усны бодит тариф нь бага, усны үнэ нь зардлаа нөхөж чадахгүй байгаа нөхцөлд энэ хоёр үйлдвэрийг ажиллуулахад санхүүгийн хувьд асуудал үүснэ гэж мэргэжилтнүүд эмээж байна. Өөрөөр хэлбэл усны үнэ энэ хэвээрээ байвал бид энэ хоёр үйлдвэрээ ажиллуулах ямар ч боломжгүй гэж мэргэжилтнүүд хэллээ.
Олон улсын усны үнэтэй харьцуулахад манай улсын тариф асар бага, хамгийн хямд. Олборлосон усыг шугамаар зөөвөрлөж иргэдэд хүргэхэд литр ус тутамд 2 төгрөг орчмын өртөг зардал гаргадаг ч иргэдээс усны төлбөрт 1 төгрөг 30 мөнгө авдаг. Өөрөөр хэлбэл нэг литр усыг орон сууцанд хүргэхэд 66 мөнгөний алдагдал хүлээдэг гэсэн үг. Харин гэр хороололд ус зөөвөрлөн хүргэхэд 40 төгрөгийн зардал гаргаж иргэдэд усыг 2 төгрөгөөр өгдөг учраас нэг литр ус тутамд 38 төгрөгийн алдагдал хүлээдэг байна. Иймээс дээрх хоёр үйлдвэрийг хүлээж авахаас урьтаж усны үнийг тодорхой хэмжээгээр нэмэх хүсэлтээ УСУГ-аас холбогдох газарт бичгээр өгсөн байна.



















