Баянзүрх дүүргийн нийт сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Уг тэмцээнд оролцох нь эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэл дагуулж байгаа гэх асуудал яригдсан бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөнгөж сая энэ асуудлаар шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, “Коронавирусын нөхцөл байдал ихээр бүртгэгдэж байгаа энэ үед Баянзүрх дүүрэг дотооддоо төлөвлөгдсөн нийтийг хамарсан тэмцээн уралдааныг хойшлуулах шийдвэр гарлаа. Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар Коронавирусын халдвар битүү орчинд тархах эрсдэл өндөр. Тиймээс тэмцээн уралдаан хийгдсэн тохиолдолд халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж, уг шийдвэрийг гаргасан" гэсэн тайлбарыг дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас ирүүллээ.