Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2026-2027 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 1-25-ны өдрүүдэд https://isms.imu.edu.cn/stu/#/login хаягаар холбогдох материалаа илгээнэ.
Нэг. Тавигдах нийтлэг шаардлага:
1. Бакалаврын түвшинд суралцахаар горилогч нь ерөнхий боловсролын сургууль төгссөн, Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш байх;
2. Магистрын түвшинд суралцахаар горилогч нь их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй, Монгол Улсын 35 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, HSK-3 ба түүнээс дээш оноотой байх;
3. Докторын түвшинд суралцахаар горилогч нь магистрын зэрэгтэй, Монгол Улсын 40 хүртэлх насны иргэн байх, сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх, HSK-3 ба түүнээс дээш хэлний оноотой байх шаардлагатай.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /бакалавр/:
- Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш байх/;
- Нотариатаар баталгаажуулсан бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /дүнгийн тодорхойлолтын хамт/;
- Суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эсээ /500-аас дээш үгтэй/;
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /6 сарын хүчинтэй байх/;
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-аас авах боломжтой/;
- Урлаг, дизайны чиглэлээр суралцах тохиолдолд /бусад баримт бичиг/ хэсэгт өөрийн бүтээсэн бүтээлийг оруулна.
- 18 нас хүрээгүй тохиолдолд өөрийн батлан даах хүний холбогдох бичиг баримтыг хамт оруулна.
- Оюутан элсүүлэхтэй холбоотой тухайн сургуулийн шаардсан бусад баримт бичиг.
Бүртгүүлэх хөтөлбөр эсвэл мэргэжлээс хамааран өөр бусад шаардлага тавьсан бол дүрмийн дагуу холбогдох материалыг хавсаргана.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /Магистр/:
- Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш байх /;
- Хэрэв бакалаврын зэрэгт суралцаж буй оюутан бол суралцаж буй сургуулийн төгсөх тухай эсвэл суралцаж буй тодорхойлолт;
- Нотариатаар баталгаажуулсан бакалаврын дипломын хуулбар /дүнгийн тодорхойлолтын хамт/;
- Суралцах төлөвлөгөө, зорилго илэрхийлсэн эсээ /1000-аас дээш үгтэй/;
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /6 сарын хүчинтэй байх/;
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-гаас авах боломжтой/;
- Урлаг, дизайны чиглэлээр суралцах тохиолдолд системийн /бусад шаардсан материал/ хэсэгт өөрийн бүтээсэн уран бүтээлийг оруулна.
- HSK-3 ба түүнээс дээш онооны гэрчилгээ;
- Тодорхойлох захидал – 2 /тодорхойлогч нь холбогдох салбарын дэд профессороос дээш түвшний зэрэгтэй байх, оюутны Хятадад ирж суралцах зорилго, суралцах чадвар, ирээдүйн хөгжил зэргийг тусгасан байх, харилцах хаяг, мэдээллийг оруулах/;
- Оюутан элсүүлэхтэй холбоотой тухайн сургуулийн шаардсан бусад баримт бичиг.
Бүртгүүлэх хөтөлбөр эсвэл мэргэжлээс хамааран өөр бусад шаардлага тавьсан бол дүрмийн дагуу холбогдох материалыг хавсаргана.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт /Доктор/:
- Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш байх/;
- Хэрэв магистрын зэрэгт суралцаж буй оюутан бол суралцаж буй сургуулийн төгсөх тухай эсвэл суралцаж буй тодорхойлолт;
- Нотариатаар баталгаажуулсан магистрын дипломын хуулбар /дүнгийн тодорхойлолтын хамт/;
- Суралцах төлөвлөгөө, зорилго илэрхийлсэн эсээ /1000-аас дээш үгтэй/;
- Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /6 сарын хүчинтэй байх/;
- Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-гаас авах боломжтой/;
- Урлаг, дизайны чиглэлээр суралцах тохиолдолд системийн /бусад шаардсан материал/ хэсэгт өөрийн бүтээсэн уран бүтээлийг оруулна.
- HSK-3 ба түүнээс дээш онооны гэрчилгээ;
- Тодорхойлох захидал – 2 /тодорхойлогч нь холбогдох салбарын дэд профессороос дээш түвшний зэрэгтэй байх, оюутны Хятад Улсад ирж суралцах зорилго, суралцах чадвар, ирээдүйн хөгжил зэргийг тусгасан байх, харилцах хаяг, мэдээллийг оруулах/;
- Оюутан элсүүлэхтэй холбоотой тухайн сургуулийн шаардсан бусад баримт бичиг.
Бүртгүүлэх хөтөлбөр эсвэл мэргэжлээс хамааран өөр бусад шаардлага тавьсан бол дүрмийн дагуу холбогдох материалыг тушаана.
Анхаарах зүйлс:
- Иргэн үнэн зөв, бүрэн, англи эсхүл хятад хэлээрх бичиг баримтыг системд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв шаардлага хангахгүй, дутуу, болон хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохоос түдгэлзүүлнэ.
- ӨМӨЗО-ы холбогдох их сургуулийн хянан шалгах хугацаа ойролцоогоор 2026 оны 7 дугаар сарын эхэн үед зохион байгуулагдах бөгөөд эцсийн шийдвэр гарах тодорхой хугацааг тухайн сургуулиас тодруулна.
- Бичиг баримтыг их сургууль шалгах бөгөөд хэрэв дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд сургуулиас холбогдоно. Бүртгүүлсэн утасны дугаараа нээлттэй байлгах, цахим хаягаа тогтмол шалгахыг анхааруулж байна. Утас эсвэл цахим хаягаар холбогдож чадаагүйн улмаас тухайн хүнд мэдээлэл хүрээгүй тохиолдолд автоматаар татгалзсанд тооцно.
- Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд оюутан суралцах мэргэжил, суралцах хугацаа, хичээл судлах хэлийг өөрчлөх боломжгүйг анхааруулж байна.
- Оюутан элсүүлэх сургуулиас тэнцсэн оюутанд урилга болон "Гадаадын оюутны Хятад Улсад ирэх баталгаажуулалтын хүснэгт" (JW202 хуудас) зэрэг баримт бичгийг илгээх бөгөөд оюутан тус баримт бичгээр Хятад улсад ирсэн даруй суралцах виз мэдүүлнэ.
- Элсэн суралцах бол тухайн сонгосон их сургуульд очиж бүртгэл хийлгэх үед төгсөлтийн дипломын эх хувь, хэлний түвшингийн гэрчилгээ зэргийг дахин шалгах болно. Диплом, гэрчилгээгээ авчраагүй эсвэл шалгалтаар тэнцээгүй тохиолдолд тэтгэлэгт тэнцээгүйд тооцно.
Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний төлбөр, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.
Гурав. Бусад:
- Эрүүл мэндийн хуудас (Хавсралт 1)
- Сургууль болон мэргэжлийн мэдээлэл (Хавсралт 2, 3, 4)
- Системд бүртгүүлэх заавар (Хавсралт 5)
Тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны 51-262916 дугаар, мөн дээрх хавсралтад дурдсан их сургуулиудын цахим хаягт хандан лавлана уу.



























