Хяналтын шатны захиргааны хэргийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар “Акуа гарден”-ы гэх тодотголтой хэрэг буюу “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэргийг гуравдагч этгээд “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гомдлоор хэлэлцэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу. Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргааныг агуулгын хувьд хянаж шийдвэрлээгүй тул гуравдагч этгээдийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй учраас хангах боломжгүй гэж дүгнэлээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн билээ.





























