Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, түүний оронд Б.Энхсүхийг томилжээ. Б.Энхсүх нь Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, ТЕГ-ын Тамгын газрын дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, ТЕГ-ын дэд, Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байсан. 2022 оноос хойш ИБУИНВУ-д Элчин сайдаар сууж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэрбээр өмнө нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан юм.
Энэ хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2025 онд түүхэн дээд амжилт тогтоож, 72,6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, өнгөрсөн онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн бөгөөд 246,6 тэрбум төгрөгийн татварыг төлжээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид нийт 407,8 тэрбум төгрөгийн татвар төлсөнөөс 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлжээ. Өнгөрсөн онд 551,6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөсөн нь 593,1 тэрбум болж, 42 тэрбумаар давж биелсэн.
Б.Чагнаадоржийг 2024 оны 7-р сард захирлаар томилогдоход “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 1634 ажилтан дунджаар 3,2 сая төгрөгийн цалинтай байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өссөн гэв. “Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийн үйл ажиллагааны үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 95,6 оноо авч тэргүүлж байжээ.





























