“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд зохион явуулдаг тэтгэлэгт уралдааны ялагч тодорлоо. Энэхүү уралдааныг жил бүрийн 03-р сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд хоёр үе шаттай уралдаан зарлаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчийг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”, “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа”, “Шинэ монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү”, “Бид”, “Үнэн бүдгэрсэн медиа” зэрэг сэдвээр эссэн бичлэгийн уралдааныг зарлаж байсан бол энэ жил нэгдүгээр шатны шалгаруулалтыг нийтлэлийн уралдаан болгон өргөжүүлж “Монгол” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд нийтлэлийн уралдаан зарласан бол хоёрдугаар шатанд түрүү жил Mojo бүтээлийн уралдаан зарлаж байсан бол энэ жил сошиол контент бүтээх даалгавараар өрсөлдүүлж, шилдэг оюутнуудыг шалгаруулжээ.

Уралдаанд сэтгүүлзүйн мэргэжлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудын 40 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд есөн оюутан шалгарчээ.
“Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 13 дахь удаагийн уралдаанын тэргүүн байрын эзнээр СУИС-ийн Кино телевиз медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн 3-р түвшинийн оюутан Отгонбаярын Дэлгэрхишиг шалгарч бүтэн жилийн оюутны тэтгэлгийн эзэн болсон бол СУИС-ийн КТМУС-ийн Сэтгүүлзүй 3-р курсийн оюунтан Ц.Мөнхжаргал, Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн 2-р курсын оюутан Энхтүвшингийн Өгөдэй , Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2-р курсын оюутан Саруулмэндийн Эгшиглэн, Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 3-р түвшний оюутан Хүрэлбаатарын Хатанзориг, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүл зүйн 4-р түвшиний оюутан Дэмбэрэлдорж Дэрэм нар тусгай байрын шагнал хүртлээ.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. “Сэтгүүлч М.Батдорж” сан өнгөрсөн 13 жилийн хугацаанд 14 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 55 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжихэд зориулаад байна.





























