Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурогийн шүүх хурал 2026 оны гуравдугаар сарын 26-нд АНУ-ын холбооны шүүхэд дахин болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжиллээ.
Шүүх хурлын үеэр Мадуро өмнөх байр сууриа хадгалж, өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Түүний өмгөөлөгчид хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
АНУ-ын прокурорууд түүнийг хар тамхины наймааны сүлжээг удирдсан, “нарко-терроризм”-той холбоотой үйл ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол олон жилийн хорих ял оноох боломжтой гэж хуульчид үзэж байна.
Шүүх хурлын дараа Мадурог Нью-Йорк хотын Бруклин дэх хорих төвд буцаан хүргэсэн байна. Энэ удаагийн хурал нь түүний нэгдүгээр сард болсон анхны шүүх хурлаас хойших дараагийн шатны ажиллагаа болжээ.
Түүнчлэн өмгөөлөгчийн баг АНУ-ын эрх баригчид тэдний санхүүжилтийг хязгаарлаж, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байна гэж мэдэгдэв. Тодруулбал, Мадурогийн өмгөөлөгч шүүх хурлын үеэр, АНУ-ын засгийн газар Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлж буй улмаас Венесуэлийн засгийн газар хуульчийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Мадуро болон түүний гэргий өмгөөллийн зардлыг өөрсдөө дангаар хариуцах боломжгүй байгаа нь АНУ-ын Үндсэн хуульд заасан хувь хүний эрхтэй холбоотой хуулийг зөрчиж байна, Иймд прокурорын гаргасан яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна гэлээ.
Прокурорууд уг мэдэгдлийг няцаасан байна.
Уг хэрэг нь олон улсын хэмжээнд улс төр, хууль зүйн маргаан дагуулсан хэвээр байгаа бөгөөд дараагийн шүүх хурлын товыг хараахан зарлаагүй байна.






























