Сүүлийн жилүүдэд дэлхий даяар тренд болоод буй Labubu нэртэй хүүхэлдэйг том дэлгэцийн кино болон хүүхэлдэйн цуврал болгох ажил эхэлж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэхүү дүрийг анх уран бүтээлч Kasing Lung бүтээж, Pop Mart компани зах зээлд гаргаснаар богино хугацаанд цуглуулагчдын сонирхлыг татсан билээ. Ялангуяа “blind box” буюу нууц хайрцаг хэлбэрийн худалдаа нь хэрэглэгчдэд гэнэтийн бэлэг мэт мэдрэмж төрүүлж, эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлсэн байна.
Мэдээллээр, Labubu дүрийг ашигласан уран сайхны кино хийх эрхийг томоохон кино студи худалдан авч, төслийн эхний шатны ажил эхэлжээ. Одоогоор киноны төрөл, гарах хугацаа, оролцох уран бүтээлчдийн талаарх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.
Түүнчлэн богино хэмжээний хүүхэлдэйн цуврал бүтээх төлөвлөгөө ч яригдаж байгаа бөгөөд ирээдүйд Labubu болон түүний найзуудын адал явдлыг өгүүлэх контентууд олноор гарч магадгүй байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар тоглоомоос сэдэвлэсэн кино, контентууд сүүлийн үед амжилттай байгаа нь ийм төрлийн төслүүдийг нэмэгдэхэд нөлөөлж байгаа аж. Labubu ч мөн адил энгийн нэгэн тоглоомоос илүү өргөн хүрээний соёл, энтертайнмент бүтээгдэхүүн болон хөгжих боломжтой гэж үзэж байна.






























