Замын Үүд боомтоор хувиараа зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэнд ногдуулсан татварын хувь хэмжээг бууруулсан аймгийн ИТХ-ын тогтоолыг өнөөдрийн дотор бүртгэж авахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХЯ-ынханд үүрэг болголоо. ИТХ-аас энэхүү шийдвэрийг гаргаад багагүй хугацаа өнгөрсөн ч бүртгэж авалгүй цаг алдсан байж. Цаашид чирэгдэл учруулахгүйгээр шуурхай ажиллахыг санууллаа. Хилээр 3-10 удаа тээвэр хийвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувь, 11-ээс дээш удаа гарвал 50 хувиар тооцож татвар авч байсныг Дорноговь аймгийн ИТХ өнгөрсөн 12-р сарын 5-нд өөрчилжээ. Ингэхдээ шатлалгүй болгож, хэдэн удаа хил нэвтрэхээс үл хамаарч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувьтай тэнцэх хэмжээний татвар авна гэж заасан тогтоол баталж, ХЗДХЯ рүү өнгөрсөн сарын эхээр хүргүүлсэн юм байна. Харин тогтоолыг бүртгэж авах үйл явц он дамжжээ. Тээвэрчдээс Ерөнхий сайдад гомдол мэдээлэл ирүүлсэн тул асуудлыг өнөөдөр яаралтай шийдэхийг яамныханд үүрэг болгосон нь энэ. Ингэснээр хувиараа зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийн татварын ачаалал 80.000-278.000 төгрөгөөр бууруулсан шийдвэр Ерөнхий сайдын өгсөн шуурхай үүргийн дагуу “амь орж” хэрэгжиж эхэллээ.





























