Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига , албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын гаалийн газарт ажилласан юм. Тэгвэл олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс нээж байна.
Тус төв иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах бөгөөд ирсэн мэдээллүүдийг өдөрт нь нэгтгэн, ЗГХЭГ дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулна. Шаардлагатай тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагыг ажиллуулах юм.





























