Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа.
Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, ажиллаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл, дэмжлэг дээр суурилдаг болохыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн онцолсон байна.
ОХУ шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмнэ гэдгээ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хэлжээ.
Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.






























