Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарыг өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх аж.
Эргэн сануулахад, Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний асуудлыг хөндөх үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа Ёс зүйн дэд хороонд хандсан байна
Хоёрдугаарт, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нь Төрийн ордонд нүүрсний гэрээний асуудлаар тодруулга авахыг хүссэн нэр бүхий сэтгүүлчдийн өөдөөс "Битгий олон юм хуцаад бай" гэх байдлаар ёс зүйгүй хандсан тухай гомдол Ёс зүйн дэд хороонд ирсэн тул ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ
	    	


















                                










							