Мягмар, 9 сар 9, 2025

Тарваган тахал туссан 24 настай өвчтөн нас баржээ

Хөвсгөл аймгийн Цагаан – Уул сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрээс тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэснээр иргэн 24 настай иргэн “И” тарваган тахал туссан. Тэгвэл уг иргэн амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ. Тухайн иргэн мэдээ, мэдээлэлгүйн улмаас эмнэлэгт оройтон ирж, эмчлүүлж байх хугацаандаа харамсалтайгаар амиа алдсан байна. Түүний ойрын хавьтал болох 93 хүнийг эмнэлгийн байгууллагад тусгаарлан ажиглаж байгаа бөгөөд одоогоор үе шаттай шинжилгээнүүдийг авч, нэмэлт батлагдсан тохиолдол гараагүй байна гэж  Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, килиникийн профессор М.Үүрийнбаяр хэлэв.  Харин болзошгүй зургаан тохиолдол байгаа бөгөөд тэр зургаан иргэний хувьд тарваганы мах дамжуулан авч хүнсэндээ хэрэглэсэн. Өнөөдрийн байдлаар халуурах, суулгах зэрэг шинж тэмдэг илрээгүй, давтан шинжилгээний хариуг хүлээж байгаа ажээ.

Цагаан-Уул сумын тавдугаар баг нь тарваган тахлын голомтот бүс бөгөөд тухайн иргэн эмнэлгийн байгууллагад есдүгээр сарын 2-ны өдөр хандаж, 3-нд тахал туссан болох нь оношлогджээ. Өчигдөр Хөвсгөл аймгийн онцгой комиссын шуурхай хурал болж Мөрөн сум, Цагаан-Уул сумын хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Анх батлагдсан тохиолдлоор халдвар бүртгэгдсэн газар буюу Цагаан-Уул суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байсан бол одоогоор Хөвсгөл аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хориглов.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг шилжүүлсэнтэй холбогдуулан,

Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехник коллеж, сургалтын төв, хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэх төв, соёлын төв, номын сан, сургалтын төвийн үйл ажиллагаа, сүм хийдийн олон нийтийг хамарсан зан үйл, архи согтууруулах ундаагаар үйлчлэх баар, караоке, спорт заал, биллиард, PC тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл (7 хоног), Мөрөн, Цагаан-Уул сумаас иргэдийн гарах, зорчих хөдөлгөөн, зах, худалдааны үйлчилгээний төв, ресторан, баар (лоунж, кафе), согтууруулах ундаа худалдах, түгэх үйлчилгээний үйл ажиллагааг 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 23:00 цаг хүртэл (72 цаг) тус тус түр зогсоогоод байна.

Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Их уншсан