Хоёр улсын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Монголын талтай тохиролцсоноо БНСУ-ын Тээврийн яамнаас мэдээлжээ. Тохиролцооны дагуу одоо Монгол руу нислэг үйлддэг Өмнөд Солонгосын таван нисэх буудал дээр дахин хоёр буудал нэмэхээр болсон байна. Эдгээр нь Жэжү арлын олон улсын нисэх буудал, нийслэл Сөүлээс зүүн хойд зүгт 150 км зайтай оршдог Ганвон мужийн Янян дүүргийн Янян олон улсын нисэх буудал болжээ.
Бусан хотын Гимхаэ олон улсын нисэх буудлаас Монгол руу долоо хоногт зургаан нислэг үйлдэж байгааг ес болгон нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Үүнээс гадна орон нутгийн нисэх буудлуудаас Монгол руу хийх нислэгт онгоцны суудлын тоог 200-аар хязгаарлаж байсныг цуцалж, ямар нэг хязгааргүй болгожээ. Аялал жуулчлалын оргил үе буюу зургаагаас наймдугаар сарын хугацаанд хоёр улсын хоорондын долоо хоног тутмын нислэгийн суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлж, хамгийн багадаа 10800-д хүргэхээр тохиролцсон байна.