УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал "Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр. Маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр бол "Цемент шохой" ТӨХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Эрдэнэтийн үйлдвэр" ТӨҮГ-тай холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгнө. 2019 оны гуравдугаар сараас тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэтийн үйлдвэр"-ийн 49 хувийн ард явагдсан санхүүгийн схемийг олон нийтэд ил болгосон. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд "Эрдэнэтийн 49" дангаараа бус "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой, хамт хийсэн луйвар болохыг бид ойлгосон.
Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд өрнөсөн хамгийн том, ойлгоход бэрх, хамгийн олон оролцогчтой луйвар бол Эрдэнэтийн 49 хувийг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй хамт авах оролдлого байсан. Энэ хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болох гэж буйтай холбоотойгоор олон нийтийн анхаарал ийшээ төвлөрөх хэрэгтэй.
"Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хэрэг 2011 оноос эхтэй. Тус оны нэгдүгээр сарын 12-нд тухайн үеийн ЗТХ-ийн сайд Х.Баттулга ажлын хэсэг байгуулан Хөрөнгө оруулалтын гэрээг "Бэйзмент" гэх компанитай хийсэн. Тус компанийн эзэн нь Худалдаа хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг байсан. Ийнхүү нэг жилийн дотор Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан байдаг. Тухайн үед Монгол Улс Хөгжлийн банкаар дамжуулан 1.5 тэрбум бонд босгосон байдаг. Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын 40 сая нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк руу шилжсэн байдаг. Харин 21 сая ам.долларын нь гадагшаа шилжсэн. Цементийн үйлдвэр барих мөнгө гэж тооцогддог.
Үүний дараа 2015 онд УИХ-аас З.Энхболд дарга Өмч хувьчлалын томоохон жагсаалтыг баталж, гаргаж ирсэн. Энэ дотор "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хөрөнгө оруулагчтай шууд гэрээгээр өг гэсэн чиглэл өгсөн байдаг. Төрийн өмчийг сонгон шалгаруулалтаар, хамгийн өндөр дүн нэрлэсэн компанид олгох учиртай. Харин УИХ-ын тогтоолын хавсралтад хөрөнгө оруулагчдад шууд хувьчил гэсэн чиглэл оруулсан. Үүний дагуу өмч хувьчлалын жагсаалтыг Засгийн газраас гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 8-нд "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчилсан. Ийнхүү Төрийн өмчийн хорооны даргаар Д.Сугар ажиллаж байх үед цемент шохой үйлдвэр анхны хөрөнгө оруулагч "Бэйзмент" компанид хувьчлагдсан. Төр 2022 оны гуравдугаар сарын 23-нд буцаан авах шийдвэрээ гаргасан.
Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээл одоо хүртэл төлөгдөөгүй байгаа. Энэ бол таван жилийн хугацаатай, 8.1 хувийн хүүтэй зээл байсан ч огт төлөгдөөгүй. Дээрээс нь "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ээс өнгөрсөн хугацаанд учирсан хохирлын хэмжээг гаргасан байдаг. Ингээд нийт 660 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг.
"Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн процесс 2012-2016 оны хооронд маш хурдтай өрнөсөн. 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас хувийн компани худалдаж авсныг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг зарлаж байв. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Хөрөнгө оруулалтын гэрээг мөн 2011 онд байгуулсан байдаг. Тухайн жил QSC гэх компанитай Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар гарын үсэг зурж, гэрээ байгуулсан. QSC компаниас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан гэж тухайн үеийн гэрээнд тусгасан байдаг. Харин хоёрхон жилийн дараа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг концессын жагсаалтад оруулсан.
Энэ жагсаалтад орсноос хэдхэн сарын дараа тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөөд QSC компанитай концессын гэрээ байгуулсан. Тус гэрээ нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг 30 жил QSC компани эзэмшээд төмөр зам, цахилгаан шугам, гангийн цогцолбор барих ёстой байсан. Улмаар барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр гэрээ байгуулсан. Харин төмөр зам, автозам, цахилгаан шугамаа ганцхан жилийн дотор бариад, ашиглалтад оруулсан. Энэ гурван дэд бүтцийн төслөө ганцхан жилийн дотор бариад, гэрээний барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөө өөрчлөөд, барих, шилжүүлэх болгосон. Ингэснээр улсын төсвөөс нэг жилийн дотор 240 тэрбум төгрөгийг гаргуулсан. Энэ бүр процесс сонгууль болохоор дөрвөн сарын өмнө өрнөсөн. Гангийг үйлдвэр бариагүй. Харин хуурай баяжуулалтаар төмрийн хүдрийг их хэмжээгээр гаргасан байдаг. Сонгуулийн өмнө концессыг өөрчлөх, улсын төсвөөс мөнгийг нь гаргуулж чадсан байдаг.
“Эрдэнэт үйлдвэр” Монгол Улсын төсвийн хамгийн том орлогыг 40 жил бүрдүүлсэн. Монгол Улсын ДНБ-ий 6.1 хувийг, нийт гарч байгаа экспортын 9.4 хувийг дангаараа бүрдүүлж байгаа том үйлдвэр. Энэ үйлдвэрийг улс төрчид янз бүрээр ярьдаг. 40 жил Монгол Улсын тэжээсэн энэ үйлдвэр цаашдаа 70 жил монголд үр өгөөжөө өгөх нөөцтэй болох нь батлагдсан байдаг. Энэ үйлдвэрийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны зургаадугаар сарын 29 буюу УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр Монголын компани авсан талаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд мэдээлж байсан.
"Эрдэнэт үйлдвэр", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр" гурав яагаад холбогдож, шүүх дээр хүртэл хамт очиж байна вэ. Учир нь "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ээс гарч байгаа шохой, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ээс гарч байгаа ган бөмбөлөг зэрэг нь "Эрдэнэт үйлдвэр" дээр очиж нийлүүлэгдэж, тус үйлдвэрийг тогтвортой үйл ажиллагаа явуулах ханган нийлүүлэлтийг нь хийдэг. Тиймээс "Эрдэнэт үйлдвэр"-ийг эзэмшилдээ авахын тулд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй хамт авч байж стратегийн ач холбогдолтой.
Эрдэнэтийн 49 хувь дээр 400 сая ам.доллар босгох шаардлагатай болсон. Энэ хэмжээний мөнгийг өмч хувьчлал, концессоор төрийн өмчийг хувьчилж, эндээс гарч ирж байгаа бүх мөнгөний урсгалыг бүх боломжид хувилбараар төвлөрүүлсэн. Ингэхдээ QSC компани болон Худалдаа хөгжлийн банкны эзэмшилд байсан “Хөтөл” ХХК гэх хоёр компаниас бүх мөнгөний урсгалыг төвлөрүүлж, энэ мөнгөөрөө 400 сая ам.доллар босгох процесс явсан байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг авсан 400 сая ам.долларын 72.9 хувь нь Сангийн яам, Хөгжлийн банк, Монгол банк, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ээс бүрдсэн. Төрийн өмчийг УИХ, Засгийн газраас шийдвэр гаргуулж, ердөө дөрвөн жилийн хугацаанд энэ их нүүдлийг зурж, сонгуулиас өмнө хууль бус процесс өрнөсөн. 2019 онд л олон нийтэд ил болсон. Энэ асуудал өнөөдөр шүүх дээр ирсэн гэсэн үг. Шүүх дээр очиж, хэрэг эцэслэгдэх учиртай. Шүүх дээр 3.5 сая иргэний анхаарал очих учиртай гэлээ.