Зонхилон тохиолдох хорт хавдрын дотор умайн хүзүүний хорт хавдар тавдугаарт орж байна. Эмэгтэйчүүдийн хавдрын шалтгаанаар нас барж байгаа тохиолдлын гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар багтаж байна. Ерөнхий динамикийг харвал хорт хавдраар нас барж байгаа хүний тоо жил бүр нэмэгдэж байгаа. Тиймээс охид, эмэгтэйчүүд маань умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй байх шаардлагатай байна. Өвчин үүсч байгаа шалтгааныг ихэнх хүн өөрөөс нь хамааралгүй, бусад зүйлээс үүдэлтэй гэж ойлгодог. Гэвч хорт хавдар нь халдварт бус өвчний тоонд ордог. Халдварт бус өвчний дийлэнх нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотойгоор үүсдэг юм. Маш бага хувь нь хүрээлэн буй орчин, ахуй нөхцөлтэй холбоотой байдаг. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хүний амьдралын хэвшил, өвчлөл дэлхий дахинд нэмэгдэж байгаа. Монголчуудын хувьд бараг 80 хувь нь хавдрын сүүлийн шатандаа оношлогдож байгаад асуудлын гол шалтгаан байгаа юм. Нас барахаасаа нэг жилийн өмнө эмнэлэгт хандаж байгаа. Гэтэл эсэд өөрчлөлтөд орсон үеэс эхлээд бүх эрхтэнд өөрчлөлт орох, мэдэгдэхүйц шинж тэмдэг илрэх хүртэл өвчин дөрвөн шат дамжиж байгаа. Бусад орны хувьд хорт хавдрын тохиолдол их байгаа ч эрт үед нь оношлуулж, эмчилгээндээ ороод хэвийн ажиллаж, амьдардаг. Монголчуудын дунд орой оношлуулдгаас болоод хорт хавдраар өвчилсөн л бол үхдэг гэсэн ойлголт байдаг. Эрт үед нь хавдрыг мэдвэл дэлхий дахинд хавдрыг хэрхэн эмчилж байгаа бүх арга, технологи Монголд байна.
Умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан тодорхой тул урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн хамгийн чухал эрхтэн нь умайн хүзүү. Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүний энэ дэлхийд ирсэн хамгийн үнэ цэнэтэй зүйл. Гэвч бэлгийн харьцаанд орсон тэр цагаас эхлэн олон төрлийн халдвар авах эрсдэл нэмэгддэг. Үүний нэг нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг папиллома вирус. Папиллома вирусийн халдвар авсан хүн маш хурдан үрэвсэлт эмгэгээр өвчлөх, умайн хүзүүний шархлаат эмгэгээр өвчлөх эрсдэлтэй. Судалгаагаар насанд хүрэгчид буюу бэлгийн харилцаанд орсон хүмүүсийн 90 гаруй хувь нь папиллома вирусийн халдвар авсан байдаг.
Эрчүүдийн хувьд өвчлөхгүй ч папиллома вирусийн тээгч болдог. Вирус авсан эмэгтэй хүн өвчлөх эсэх нь биеийн эсэргүүцлээс шалтгаална. Мөн вирус авсан хүн хавдраар өвчлөх эсэх нь бэлгийн амьдралын онцлогтой холбоотой.
Умайн хүзүүний хавдраар өвчилсөн эсэхийг мэдэх арга нь эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах. Ингээд папиллома вирусийн халдвар байвал түүнийг эмчилж болно. Энэ нь хамгийн хялбар эмчилгээ байдаг.
Умайн хүзүүний хавдар үүсгэдэг папиллома вирус нь бэлгийн замаар дамждаг. Бас олон төрөлт, үр хөндөлт зэргээс үүдсэн ажилбаруудын нөлөөллөөс умайн хүзүү гэмтэх, шархлах, папиллома вирустэй урвалд орох, цаашлаад хавдар үүсэх эрсдэл үүснэ. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Дэлхийн олон орон өсвөр насны охидод өөрөөр хэлбэл бэлгийн харьцаанд орохоос нь өмнө папиллон вирусийн эсрэг вакциныг хийдэг. Харин манайд Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд папиллома вирусийн эсрэг вакцин хийж эхлэх гэж байсан ч нийгмийн дундах цэгцрээгүй ойлголтоос шалтгаалан хэрэгжиж чадаагүй. Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тулгуурлан умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний удирдамжийг шинэчлэх, дэлхий дахинд тавигдаж байгаа зорилтоос бид хоцрохгүй байхын тулд энэ үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ажиллаж байгаа. Тун удахгүй монгол охид, эмэгтэйчүүдийг папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулдаг болох байх гэж найдаж байна. Хүмүүс вакцин хийлгэсэн л бол умайн хавдраас сэргийлж байгаа гэж ойлгож магадгүй. Вакцин нь умайн хүзүүний хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй папиллома вирусийн халдвараас сэргийлдэг. Папиллома вирусийн олон төрөл байдаг. Вакцин нь тэр олон төрлийн папиллома вирусээс хоруу чанараараа хорт хавдар үүсгэж болох түгээмэл вирусээс хамгаалж, хорт хавдрын эрсдэлийг бууруулж байгаа юм. Ингэснээр урьдчилан сэргийлж болох өвчнөөр эмэгтэйчүүд нас барах нь багасах юм. Эрүүл мэндийн талаарх мэдлэг хүнийг вакцинаас илүү хамгаалдаг.