Улс орны эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийн 500 аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох ёстой гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үзэж байна. Тэрбээр Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, ийнхүү тусгажээ. Тэд хил гаалиар түргэн бөгөөд хүнд сурталгүй нэвтэрч байх нь эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Мөн улс болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж шимтгэлийн хэмжээгээр нь эрэмбэлэн аймаг бүрт эхний 10, нийслэлд 90, улсын хэмжээний 200 аж ахуйн нэгжийн удирдлагад олгохыг ч тогтоолын төсөлдөө тусгажээ. Энэ нь ковидын дараах үеийн эдийн засгийг сэргээн, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахад хувийн компаниудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг болно гэж тооцжээ.