Гоц халдварт өвчин одоогоор намжмал байгаа гэдэг мэдээллийг Мал эмнэлгийн Ерөнхий газраас өгч байна. Энэ оны дундуур хаа сайгүй өвчин гарч байсан. Улсын хэмжээнд маш олон аймаг, суманд тийм их голомт тархана гэж төлөвлөөгүй. Эрсдэлтэй зүүн бүс нутаг мөн хил талын эрсдэлтэй нутгийн малыг вакцинжуулах төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч өнгөрсөн жил коронавирус, цаг уурын нөхцөл, зуд гангаас шалтгаалан малчдын отор, нүүдэл их байсантай холбоотойгоор малд шүлхийн вирус тархсан гэдэг мэдээллийг өгч байгаа. Энэ вирусийн онцлог нь агаар дуслаар, хавьтлаар, тээврийн хэрэгслийн дугуйгаар дамжин тархдаг учраас маш олон аймаг, суманд гарсан. Бид байгаа нөөцөөрөө голомтыг хумих гэж араас нь хөөж ажилласан учраас тодорхой үр дүнд хүрээгүй. Үүнд дүгнэлт хийсэн, бүх шатны хүмүүсээс шүүмжлэл ч сонссон, өөрсдөө голомтыг хэрхэн хумих вэ гэж ярилцаад тактикаа өөрчилсөн юм. Ингээд хамгийн мэдрэмтгий мал болох үхэр, гахай, цаа бугыг хамгийн түрүүнд вакцинжуулсан. Энэ бол нөөцдөө л тохируулж хийж байгаа ажил гэдэг тайлбарыг Мал эмнэлгийн Ерөнхий газраас өгч байна. Тэдний тайлбарлаж буйгаар 2023 онд шүлхий өвчин гарахгүй байх гэсэн хүлээлттэй байна гэв.