УИХ-ын ээлжит бус чуулган товлосон ёсоор бол өнөөдөр хаалтаа хийх байв. Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд давхар дээлтэй байх боломж нээгдсэн тул Засгийн газрын одоогийн бүрэлдэхүүнээр оролдохоор яаравчлав. Засгийн газрын бүтцийг шинээр оруулж ирэх буюу УИХ-ын хэдэн гишүүн засагт сайд болохоос хамаарч чуулган хуралдана. Ямартай ч энэ 8-р сарын 31 хүртэл ээлжит бус чуулганыг хаалгүй "уях"-аар МАН-ын бүлэг дээр тохирчээ.
Чуулганыг уяж байгаад УИХ-ын гишүүд сайдын бялуу хуваана. Засгийн газрын гишүүдийн тэн хагасаас илүү нь давхар дээлтэй болохоор бүтэц яригдаж байгаа юм. Хоёроос дээш сонгогдсон УИХ-ын гишүүн болгон сайд болох хүсэлтэй байх шиг. Тэд Төрийн ордны өрөөндөө бичил төрийн эргэлт хийсээр хэд хонож байна. Намрын ид ажлын цагаар УИХ-ын гишүүд албан тушаалын бялуу хуваах гэж ээлжит бус чуулганыг сунгав.