УИХ-ын энэ удаагийн ээлжит ус чуулганы хэлэлцэх асуудлын хоёрдугаарт хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ үеэр зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор бэлтгэж буйг эх сурвалж мэдээллээ.
Хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулах албан тушаалтнуудын хамгийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн нэр дуулдаж байна. Ханш тэнгэрт хадаж, инфляц галзуурсан, мөнгөний бодлого байгаа оноогүй зэрэг үндэслэлээр Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцож огцруулах цаг болсон гэж УИХ-ын цөөнгүй гишүүн үзэж байгаа юм байна. УИХ хэрэв Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцож огцруулбал хугацаанаасаа өмнө ажлаа өгсөн ээлжит нэгэн тохиолдол болно. Б.Лхагвасүрэнгийн оронд татан буугдсан МАХН-ын угшилтай хүнийг томилох тухай бор шувуу ч Төрийн ордонд нисээд эхэлжээ.