Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, Гишүүнчлэл, сургалт хөгжлийн хорооны дарга Б.Батцэцэгтэй НАМЗХ дахь эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, идэвх оролцооны талаар ярилцлаа. Түүний хувьд НАМЗХ-ны гурван эмэгтэй дэд ерөнхийлөгчийн нэг юм.
-НАМЗХ-ны 25 жилийн ойн арга хэмжээ маргааш эхэлнэ. Энэ талаар товч мэдээлэл өгөх үү?
-Бид 25 жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна. “Шинэ үе-Шинэ сэргэлт” уриан дор олон улсын “Найрамдал” зусланд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумаас ирсэн 400 гаруй төлөөлөгч хоёр өдрийн турш чуулах гэж байна. Эхний өдөр нийт төлөөлөгчдөдөө зориулан сургалт, семинар зохион байгуулж, хоёр дахь өдөр нь зургаан салбар хэлэлцүүлэг өрнүүлж, дэд ерөнхийлөгч нар болон УЗ-ийн гишүүд удирдан зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан үр дүнгээ хэлэлцэж, дотоод дүрэм журмаа шинэчлэн батлахаар төлөвлөсөн.
-НАМЗХ-ны эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй уулзаж байгаагийнх танай холбооны эмэгтэйчүүдийн идэвх оролцоо, байр суурийн талаар түлхүү ярилцмаар санагдлаа?
-Манай холбоо жендэрийн мэдрэмжтэй байх, эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд дэмжин ажилладаг. Дүрэмдээ нийт гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүн байх квоттой байдаг ч заавал квотоор хязгаарлахгүйгээр эмэгтэй гишүүдийнхээ тоо болон оролцоог нэмэгдүүлэхэд манай холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд үргэлж анхаарч ажилладаг.
Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн хувьд ажил амьдралынхаа хажуугаар төрийн бус байгууллага, залуучуудын холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаад явах нь цөөхөн байх шиг харагддаг. Ер нь эмэгтэйчүүд гэр бүлдээ анхаарал тавих, үр хүүхэд гаргах, өсгөн хүмүүжүүлэхийн хажуугаар ажил, карьер төлөвлөх зэргээр маш олон зүйлийг зэрэг амжуулж байдаг хүчирхэг хүмүүс шүү дээ. Тэр их ачааллын хажуугаар залуучуудын байгууллагын ажилд зүрх сэтгэлээрээ оролцож, идэвх санаачилгатай байгаа холбооныхоо бүсгүйчүүд болон энэ боломжийг олгож дэмждэг залуучуудаараа бахархдаг юм. Залуучуудын байгууллагад хувь хүний оролцоо болон орон зай маш чухал санагддаг. Тиймдээ ч бид эмэгтэй гишүүдээ үргэлж дэмжин, нээлттэй, оролцоог нь нэмэгдүүлэх талд анхаардаг. Миний бие НАМЗХ-ны гурван эмэгтэй дэд ерөнхийлөгчийн нэг. Би Гишүүнчлэл, сургалт хөгжлийн хороог хариуцан ажилладаг. Тэр ч утгаараа залуу эмэгтэйчүүдийг манай холбоонд гишүүнээр элсэхийг уриалмаар байна.
-Та эмэгтэй дэд ерөнхийлөгчийн хувьд холбооныхоо эмэгтэйчүүдээс юу хүсэж, хүлээдэг вэ?
-Холбооны ерөнхийлөгч болон УЗ-ийн гишүүд эмэгтэй гишүүддээ нээлттэй, өсөж хөгжих боломжийг дэмжин ажилладагт баяртай байдаг бөгөөд эмэгтэй гишүүд маань илүү олуулаа болж санаачлагч, манлайлагч байж, нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолой, төлөөлөл нь байгаасай гэж хүсдэг. Үнэхээр дуу хоолойгоо хүргэмээр байгаа бол дэлгэцийн цаанаас бус бодит оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэж санагддаг юм. Миний бодлоор эмэгтэйчүүд бид нийгэмд дуу хоолойгоо хүргэх тал дээр зориг дутдаг. Эмэгтэйчүүд бид шүүмжлэгч бус санаачлагч нь байж манлайллыг бий болгох хэрэгтэй.
-Танай холбоо эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсож, хэр бодит ажил болгодог байгууллага вэ?
-Эмэгтэйчүүд бид нийгмийн эмзэг асуудлуудыг олж харахдаа эрчүүдээс арай илүү байдаг юм болов уу. Баялаг бүтээгч нар нь эрчүүд байж харин эмэгтэйчүүд төрийн байгууллагуудын удирдах түвшинд ажиллаж нийгмийн хуваарилалтыг зөв зохистой захиран зарцуулахад илүү оролцоотой байх ёстой гэж боддог. Жишээ нь, манай холбооны хувьд эмэгтэйчүүд тооны хувьд цөөхөн ч бодлогын түвшинд саналаа оруулж чаддаг. Би бүсгүйчүүддээ “Та нар орон зайгаа бий болго, зоригтой бай, залуучуудын байгууллагадаа цаг зав гарга, дотор нь орж ажилла, манлайлагч бай” гэж хэлдэг. Манай холбоонд шатлан дэвших мерит зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг. Гишүүдийнхээ оролцоо бүрд оноо өгч жилийн эцэст тухайн үзүүлэлтээр нь шилдэг болохоос эхлээд ажлаа үнэлүүлдэг.
-Нийт гишүүдийн 25 хувь нь эмэгтэйчүүд бий. Тэгвэл эмэгтэйчүүд дангаараа нийлж нийгэм рүү хандсан ямар арга хэмжээ зохион байгуулж байв?
-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн хоёр жил олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Гэсэн хэдий ч манай холбооны эмэгтэй гишүүдийн санаачилгаар өнгөрсөн жил Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг, амьдралын боломж тааруу өрхүүдэд эм тариа, хоол хүнс, түлш хүргэх ажлыг зохион байгуулж ажилласан. Ер нь нийгэм рүү хандсан сайн санааны ажил түлхүү хийхийг зорьдог бөгөөд 21 аймаг, есөн дүүрэгт эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр эмэгтэйчүүдэд илүү ойртож, тэдний санал санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгож чадна. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд болон нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг олны танил, манлайлагч эмэгтэйчүүд бидэнтэй хамтран ажиллах талаар саналаа их ирүүлдэг бөгөөд цаашид бид манлайлагч эмэгтэйчүүдтэйгээ хамтран олон ажил санаачлан хийхээр төлөвлөж байна.
-Та НАМЗХ-г сонгох болсон шалтгаан юу вэ. Яагаад заавал намын дэргэдэх байгууллага гэж?
-Би багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Оюутан байхдаа залуучуудын холбооны ажилд сайн дураараа оролцож ирсэн бөгөөд НАМЗХ-нд гишүүнээр элсэх эхлэл тавигдсан. Энэ холбооны гишүүн болсноор миний нийгмийн идэвх бүр ч ихээр нэмэгдэж, өнөөдрийн Батцэцэгийг бий болгоход маш их нөлөөлсөн гэж би хувьдаа боддог. Арваад жил хувийн компанийн удирдах түвшинд ажиллаж байгаад төрийн албанд ажиллахад НАМЗХ-ны гишүүн байж тэндээс олсон мэдлэг, төлөвшил, их туршлага болж байна.
НАМЗХ-ны гишүүн байснаар нийгэмд нөлөөлөгч шийдвэр гаргагч нарт холбоогоороо төлөөлүүлж, санал санаачилгаа илэрхийлж мөн салбар салбарын залуучуудын дуу хоолойг сонсож, тэр дундаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж байдагтаа баяртай байдаг.
Манай залуучуудын холбооны бүх гишүүд бие биедээ хүндэтгэлтэй, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддагаас би хувьдаа маш олон зүйлийг суралцаж, салбар салбарын чадварлаг залуучуудтай хамтран зүтгэж, хүрээллээ тэлсэн байна. Мөн хүнтэй нөхөрлөх, найз байх, хүний итгэл даах гэж юуг хэлэх, ойлгох зэргээр бүгдийг НАМЗХ-ноосоо суралцсан.
Миний хувьд ажлын бус цагаар сайн дураараа төрийн бус байгууллагуудад идэвхтэй ажиллаж ирсэн. Долоон жилийн өмнө үе тэнгийн чадварлаг залуустай нийлж НАМЗХ-нд өөрчлөлтийг салхийг оруулж, энэхүү байгууллагыг залуучууд манлайлан авч явах ёстой хэмээн үзэж “Насны хязгаар 35” гэх хөдөлгөөнийг өрнүүлж үзэл бодлоо илэрхийлж явсан маань саяхан мэт санагдаж байна. Эмэгтэйчүүд бид ч гэсэн өөрсдийн үзэл бодол саналаа илэрхийлж өөрчлөлтийг бий болгоход гар бие оролцож чаддаг юм.
-НАМЗХ-ны дэргэдэх 13 хорооны нэгийг нь та хариуцаж байна. Гишүүнчлэл, сургалт хөгжлийн хороо яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Хорооныхоо талаар танилцуулаач?
-Холбооны ерөнхийлөгч Н.Учрал ажлаа авмагцаа НАМЗХ бол нийгэмдээ манлайлах шилдэг боловсон хүчнийг бэлтгэх гол байгууллага гэдгийг онцолсон. Тиймээс салбар бүрдээ манлайлж байгаа залуусыг нэгтгэх, дуу хоолойгоо хүргэх, санал бодлоо солилцох нөхцөлийг бүрдүүлж үйл ажиллагааны чиглэлээр нь салбар хороодын бүтцийг бий болгон ажиллаж эхэлсэн. Үүний дагуу нийт 13 хороог байгуулсан бөгөөд үүний нэг нь Гишүүчлэл, сургалт хөгжил хариуцсан хороо юм. Миний бие хүний нөөцийн салбарт олон жил ажилласан туршлагатай тул энэхүү хорооны даргаар томилогдсон. Манай хороо өнгөрсөн хугацаанд НАМЗХ-ны бүх гишүүний тооллогыг хоёр удаа хийж, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын салбар хорооны гишүүдийг хамруулж, хамгийн сүүлийн тоогоор 46870 гишүүнтэй байна. Коронавирусийн цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ түр хойшилсон байсан бол одооноос шинэ гишүүдээ элсүүлэх, тэдгээрийг сургаж хөгжүүлэх арга хэмжээг эхлүүлж байна. Мөн бид гишүүдээ цахимжуулж НАМЗХ аппликэйшнээр бүртгэлээ хийж байгаа нь энэ жилийн дэвшилтэд ажлуудын нэг болж байгаа.
Өнгөрсөн хоёр жилийн ажлуудыг дүгнүүлж бид хороогоороо НАМЗХ-ны “2021 оны шилдэг хороо”-гоор шалгарсандаа маш их баяртай байгаа. Энэ ташрамд Гишүүнчлэл сургалт хөгжлийн хорооны нийт хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье. 2022 онд манай хороо бүтцээ өөрчилж цар хүрээгээ тэлж “Залуучууд академи”, “Сошиал хаус” полиси институт гэсэн хоёр байгууллага маань манай харьяалалд ирсэн. Өөрөөр хэлбэл, сургалт, судалгаагаа давхар хариуцаж, сургагч багш нараа бэлтгэн, илүү өргөжөөд байна.
-Намын дэргэдэх төрийн бус байгууллагад элсэхийн тулд ямар шалгуур хангах ёстой юм бол. Намтай холбоотой аливаа зүйлийг залуус сонирхдоггүй тал бий. Заавал намын гишүүн байх ёстой юу?
-Өмнө дурдсанчлан НАМЗХ-ны залуусын эгнээнд нэгдэхийг таны нас 35 хүрээгүй байх ёстой бөгөөд бүх салбарын залуучууд салбар хороогоор дамжуулж гишүүнээр элсэх бүрэн боломжтой. Заавал намын гишүүн байх шаардлагагүй. Мөн сонирхлоороо салбар хороодын клубийн үйл ажиллагаанд оролцох бүрэн боломжтой.
-НАМЗХ-ны хамгийн гоё нь юу вэ. Бас сул талыг нэрлэвэл?
-НАМЗХ-ны гишүүн болсоноор маш олон давуу талтай гэж хардаг. Орон даяар нөхөрлөлийн сүлжээ бий болж, олон салбарын мэдлэг мэдээлэлтэй ойрхон байж, санал санаачилгаа хоорондоо хуваалцаж тэдгээрийг ажил хэрэг болгодог. Мөн гишүүд хоорондоо их тусалж, нөхөрлөлийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь НАМЗХ-ны залуучуудаасаа олж хардаг. Миний бодлоор илүү ихээр зүрх сэтгэлээ зориулан манлайлан ажиллах юм бол олон боломж нээлттэй байдаг.
Эх сурвалж: Монголын үнэн сонин