- Өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчилж, Эксим банкны үүргийг хэрэгжүүлэн ажиллах шийдвэрийг гаргасан. Банкны өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Хөгжлийн банкны үйл ажиллагааны ирээдүйн зөв чиглэл, зохистой засаглалыг бий болгох зорилгоор үйл ажиллагааг нь шинэчилж, Экспорт, импортын банкны үүрэг хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газар хэлэлцэн, өнгөрсөн оны наймдугаар сарын 18-ны 252 дугаар тогтоолоор “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент”, “Ди Би Эм лизинг”-ийн үйл ажиллагааг сэргээхээр шийдвэрлэсэн. Хөгжлийн банк цаашид үйл ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн Экспорт, импортын банкны чиг үүргийг хэрэгжүүлэх болсон тухай ярилцахаасаа өмнө өнөөгийн нөхцөл байдлын талаар товч дурдъя. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан 2011 оноос хойших 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг нэг, дүрмийг гурван удаа шинэчлэн баталсан. Энэ нь банкны хөгжлийн шат бүрт үүссэн эрсдэлийг бууруулах алхмууд байсан гэж үздэг. Гэсэн ч өдгөө Хөгжлийн банкны актив хөрөнгө дөрвөн их наяд байгаагаас 3.2 их наяд төгрөгийг зээл, 0.5 их наядыг нь хөрвөх чадвартай актив хөрөнгө, 0.16-г нь хөрөнгө оруулалт, үлдсэнийг нь бусад хөрөнгө бүрдүүлж байна. Харамсалтай нь, Хөгжлийн банкны нийт 3.2 их наяд төгрөгийн зээлийн 55 хувь нь чанаргүй ангилалд орсныг өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголбанкны шалгалтын актаар дүгнэсэн.
-Чанаргүй ангилалд орсон зээлийг эргэн төлүүлэхийн тулд ямар ажлууд хийж байна вэ?
-Энэ чиглэлээр бид онцгой анхаарч ажиллаж байна. Өдөрт 5-6 зээлдэгчтэй уулзаж, зээл бүр дээр авах шаардлагатай арга хэмжээг судалж, газар дээрх хяналт шалгалт хийж байгаа. Бид чанаргүй активыг шинж чанараар нь хэд хэд ангилах ёстой, бүгдийг нь нэг “уут”-нд хийгээд муу зээлдэгч гэж цоллож болохгүй. Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн багцын гуравны нэг орчим нь төрийн өмчит компаниудад ногдож буй. Үлдсэн хэсэг нь хувийн хэвшлийн компаниудад олгосон зээл юм. Хувийн хэвшлийн чанаргүй зээлийн багцын 500 орчим тэрбум төгрөг нь “Кью Эс Си”, “Хөтөл” компанид олгосон зээл байна.
Банкны зүгээс чанаргүй ангилалд орсон зээлдэгчдийг хоёр хэсэгт хуваан авч үзэж байна. Эхнийх нь зээл аваад төсөлдөө зарцуулаагүй буюу зориулалтын бусаар ашигласан зээлдэгчид. Энэ төрлийн зээлдэгчийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа. Харин нөгөө хэсэг нь төслөө хэрэгжүүлэхээр зээлийн хөрөнгийг төсөлдөө зарцуулсан, цаашид мөнгөн урсгал нь сайжрах боломжтой компаниуд юм. Өөрөөр хэлбэл, аль аль талаасаа хамтран ажиллаад цаашид “амилуулах” боломжтой бүтээн байгуулалтын төслүүд гэсэн үг. Жишээлбэл, хаврын улиралд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эрчимждэг учраас энэ төрлийн төслүүдэд шаардлагатай цементийг үйлдвэрээсээ хангах тухай саналыг Хөгжлийн банкны зээлдэгч, цементийн хоёр үйлдвэрт тавиад байна. Ингэснээр компани улсаас хийж буй бүтээн байгуулалтын төслүүдийг бүтээгдэхүүнээр хангах замаар банкны өрөө төлөх боломж бүрдэнэ. Тухайлбал, “Залуус” хороолол, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажилд хэрэглэх цементийг Хөгжлийн банкнаас зээл авсан үйлдвэрүүд хангах боломжтой гэсэн үг. Энэ мэтчилэн зээлийн эргэн төлөлтийг шийдэх гарц гаргалгааг зээлдэгч бүртэй ярилцаж байна.
-Төрийн өмчит компаниудад олгосон зээлийг хэрхэн буцааж төлүүлнэ гэж Хөгжлийн банкны өмнөх гүйцэтгэх удирдлага, ТУЗ тооцсон юм бол. Нэг талаас нь харахад Хөгжлийн банкнаас ТОСК ТӨХХК-д зээл өгсөн нь иргэдэд таалагдах гэсэн улс төрийн шийдвэр байсан гэж хэлж болмоор юм шиг.
-Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны тогтоолоор ТОСК-ын хэрэгжүүлсэн төслүүдэд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас олгохыг зөвшөөрсний дагуу санхүүжилт өгсөн байсан. ТОСК ашиглалтад оруулсан орон сууцын барилгуудыг тухайн үеийн Засгийн газрын бодлоготой уялдуулан зорилтот бүлгийн хэрэглэгчдэд зах зээлийн үнээс хямд борлуулсан байдаг. Нөгөө талдаа орон сууцын борлуулалтын орлогоороо зээлээ төлөх ёстой байсан ч төлбөрийг өгөлгүй, бусад барилгынхаа төсөлд мөнгөө оруулчихсан. Одоо Хөгжлийн банк зээлээ эргүүлэн төлүүлье гэхээр ТОСК-ын орлого нь иргэдээс бага хэмжээтэйгээр, олон жилийн хугацаанд орж ирэх мөнгөн урсгал буюу банкны хэллэгээр “maturity mismatch” (хугацааны зөрүү) үүсгэж байгаа юм. Энэ механизмаар бол Хөгжлийн банк ТОСК-аас зээлийн төлбөрийг гэрээний хугацаандаа бүрэн авах ямар ч боломжгүй эрсдэлд орж байгаа юм.
-Энэ нь Хөгжлийн банканд эрсдэлтэй гэж тухайн үед банкны удирдлага нь хэлэх ёстой баймаар.
-Тухайн үед буюу 2014, 2015 онд асуудал хүндрэхээс өмнө арга хэмжээ авах шийдлийг дэвшүүлэх хэрэгтэй байсан болов уу.
-Дээрх шиг Засгийн газрын шийдвэрээр олгосон зээл хэр олон бэ?
-Засгийн газрын 2013 оны тогтоолоор Эгийн голын усан цахилгаан станц барьж, ашиглалтад оруулах арга хэмжээ авч, санхүүжилт олгохыг тухайн үеийн Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийг уг төслийн ТЭЗҮ боловсруулах, ажилтнуудын цалин өгөх зэрэгт зарцуулсан. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн хүүгийн төлбөр өдөр бүр “гүйсээр” байгаа. Гэтэл өдгөө уг төслийг хэрэгжүүлэх, эсэх нь тодорхойгүй байх жишээтэй.
Мөн “Эрдэнэс Монгол” компанийн Гашуунсухайтын чиглэлийн 270 км авто зам байна. Манай улсын нүүрсний экспортын ганц зам шүү дээ. Тухайн үед “Энержи ресурс” компани концессын гэрээгээр барьсан замаа улсад шилжүүлж өгсөн. Төлбөрөө авъя гэхэд нь Засгийн газар вексель бичиж өгөөд, Хөгжлийн банк түүнийг нь мөнгөжүүлсэн. Хөгжлийн банк мөнгийг нь өгөөд вексельтэй үлдсэн байдаг. Хөгжлийн банк мөнгөө Засгийн газраас буцааж авах гэхэд тухайн үед төсөв байгаагүй тул “Эрдэнэс Монгол” ХХК-тай хэлэлцээд, авлагаа зээлийн гэрээ болгож хувиргасан. Тус компани нүүрс тээврийн машинуудаас тарифын орлого хурааж авдаг бөгөөд зээлээ бага багаар төлж байсан ч цар тахлаас үүдэн тээвэр зогссон тул муу зээлийн ангилалд орчихсон хэрэг.
-Хөгжлийн банкны 2014 оны тайланд Эгийн голын УЦС-ын төсөл хэрэгжүүлэхэд эхний ээлжид зөвлөх үйлчилгээ, судалгаа шинжилгээ болон төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд 5.1 сая ам.долларын санхүүжилт олгосныг тэмдэглэсэн байна лээ. Мөн Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 50 сая ам.доллар олгохоор зөвшөөрсний дагуу Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал болон судалгаа шинжилгээний ажил, зөвлөхүүдийн төлбөрт зориулж 14.8 сая “ногоон” олгосныг дурдсан байсан.
-Тийм ээ. Дээрхтэй мөн адил, тухайн үед Засгийн газар төсвийн дутагдалтай байсан учраас Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулах зэрэг зайлшгүй шаардлагатай ажилд зориулж Хөгжлийн банк санхүүжилт олгосон. Төрийн өмчит компаниудад олгосон нэг их наяд орчим төгрөгийн зээлийн багцын 700 гаруй тэрбум нь Засгийн газраас хэрэгжүүлэх төрлийн буюу төсвийн шинж чанартай төслүүдэд ногдсон. Гэтэл үүнийг тогтмол хүү бодогдож байдаг зээлийн санхүүжилтийн аргаар хэрэгжүүлсэн нь өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй активын хэмжээ өсөхөд нөлөөлж байна.
-Төсвийн шинж чанартай 700 тэрбум төгрөгийн зээлийг өөр дээрээ шилжүүлж аваач гэсэн саналыг Засгийн газарт тавьсан гэж сонссон. Уг саналыг хүлээж авах, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юу?
-Энэ талаар Сангийн яам судалгаа хийж байгаа. 700 тэрбум төгрөгийн зээлд хэрэгжих боломжтой төслүүд ч бий. Жишээлбэл, Тавантолгойн цахилгаан станцын тендерийг зарлаад байна. Тус төслийн хөрөнгийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлнэ.
-Уг станцын төслийн гүйцэтгэгчийг шалгаруулаад, бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, 2024 онд эхний блокоос (150 МВт) нь эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөсөн гэж ойлгож байгаа. Хоёр жилийн дараа тодорхой хэмжээний эрчим хүч үйлдвэрлэн, нийлүүлээд орлого олохоос наана буюу 2023 оны эцэст Хөгжлийн банк бондын 800 сая ам.долларыг эргэн төлөх ёстой байгаа шүү дээ.
-EPC буюу төслийн гүйцэтгэгч сонгогдоход нь манайх уг станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан тул зарж болно. “ТЭЗҮ боловсруулах зардлыг нь хэмнэсэн учраас үүнийг төлөөрэй” гэж хэлж болох юм. Засгийн газар оронд нь үнэт цаас ч юм уу бичээд өгчихөж болно, онолын хувьд. Ер нь банкийг банк шиг ажиллуулахын тулд төсөвтэй “холилдсон” хэсгийг нь салгах ёстой гэсэн зарчим л яриад буй юм. Засгийн газар, Хөгжлийн банк гээд аль аль талаасаа гаргалгаа олох гээд хэлэлцэж байна.
-Тэгвэл “Хөтөл”, “Кью Эс Си” компанийн 500 тэрбум төгрөгийн зээлийн тухайд юу гэх вэ. “Хөтөл” компанид 2012 онд зээл олгосон. 10 жилийн хугацаанд зээлээ төлөхгүй, нөгөө талаар төлүүлэх арга хэмжээ аваагүй нь хачирхалтай.
-Үүнийг шийдэхээр ажиллаж байгаа. Төсвийн шинж чанартай зээлүүд болон энэ асуудал шийдэгдвэл Хөгжлийн банкны нийт чанаргүй активын гуравны хоёрыг нь шийдчихнэ. Зээлийн үлдсэн гуравны нэгийг нь бизнесийн салбарынхан авсан гэдгийг дээр дурдсан. Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл хэрэгжүүлнэ гэж хөнгөлөлттэй зээл авчихаад түүндээ зарцуулаагүй, зориулалт бусаар ашигласан хэсэг нь төрд хохирол учруулахаас гадна бусад бизнес эрхлэгчийн боломжийг хулгайлчихсан л гэсэн үг шүү дээ. Тэд хууль хяналтын байгууллагаар шалгуулаад явна. Харин авсан санхүүжилтээ төсөлдөө зарцуулсан ч зээлээ эргэн төлж чадахгүй байгаа компаниудын хувьд янз бүрийн шалтгаантай. Валютын ханшийн өөрчлөлт, манай улсын эдийн засаг өндөр өсөх хүлээлттэй байтал нүүрсний үнэ хямдарсан зэргээс шалтгаалж хүндрэл гарсантай холбоотой. Цемент үйлдвэрлэгч зэрэг компани зээлийн төлбөрөө хийчихвэл манай банкны чанаргүй активын хувь нэлээд багасна. Ийнхүү чанаргүй активаа бууруулж чадсанаар хоёрдугаар үе шат буюу Эксим банкны чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой болно. Одоогийн нөхцөл байдалд чанаргүй зээл 55 хувьд хүрсэн учраас Эксим банкны чиг үүрэг байтугай Хөгжлийн банкны үндсэн үүргээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болчихоод байна шүү дээ.
-Компаниуд санхүүжилтээ төлөхгүй байсан нь дараа дараагийн аж ахуйн нэгжүүдийн авсан зээлийн хүү нэмэгдэхэд нөлөөлсөн байж таарна. Арилжааны банкууд олгосон зээлийнхээ зарцуулалтыг хянадаг. Харин Хөгжлийн банкны хувьд одоогийн нөхцөл байдалд хүрсэн нь юутай холбоотой вэ?
-Хөгжлийн банкнаас өмнө нь зээлүүддээ газар дээрх шалгалт хийж, авсан санхүүжилтээ юунд зарцуулсныг нь тодруулахад талыг нь төсөлдөө зарцуулсан нь баримтаар нотлогдоод, үлдсэн нь баримтгүй байх тохиолдол гарч байсныг яг зориулалтын бусаар ашигласан гэж нотолж чадахгүй, арга хэмжээ авалгүй өнөө хүртэл явчихсан хэрэг. Зээлдэгч авсан санхүүжилтээ тухайн төсөлдөө зарцуулсан нь баримтаар нотлогдохгүй байгаа л бол зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс бид хугацаатай албан бичгийг зээлдэгч тус бүрт хүргүүлж байгаа. Мөн хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны зээлдэгч бүрийн хувийн хэрэгт багтсан баримт бичгүүдийг авч шалгаж буй. Манай байгууллагын зүгээс чанаргүй ангиллын зээлдэгчидтэй холбоотой мэдээллийг тухай бүрт нь өгөөд явж байна. Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтийг зориулалт бусаар ашиглахдаа юунд, хэрхэн зарцуулсныг нэг бүрчлэн шалгаж буй юм билээ.
-Эдгээр компаниар зээлийг нь төлүүлэхэд удах байх, тийм үү?
-Зарим нь мөнгөтэй зээлдэгч байж болно. Тэдний хувьд зээлээ богино хугацаанд төлчих болов уу. Хөгжлийн банк зээлээ эргэн төлүүлэхэд анхаарч байгааг дээр дурдсан. Үүнд Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, прокурорын байгууллага ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Ер нь ирэх жилийн эцэст 800 сая ам.долларын бондын төлбөр төлөх хугацаанаас өмнө зээлээ эргэн төлүүлэх асуудлыг шийдэж амжина гэж найдаж байгаа. Хөгжлийн банкны хувьд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зарчим баримтлан чанаргүй болон шүүхэд шилжсэн зээл, зээлийн багцын статистикийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос танилцуулж байна. Энэ хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөд байгаа нь богино хугацаанд чамлахааргүй дүн.
-Та “Уурхай, үйлдвэр зэрэг барьцаа хөрөнгөтэй байгууллагуудыг бизнесийн зарчмаар дэмжиж, цаашид ажиллуулахын тулд менежментийн өөрчлөлт хийх хэрэгтэй” гэж ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Зарим компанийн хувьд төсөлд нь шаардлагатай нэмэлт санхүүжилт өгвөл цаашид үр дүнтэй ажиллахаар байна гэсэн санал ирүүлсэн. Бидний зүгээс тухайн төслийг “амилуулъя” гэвэл менежмент болон санхүүд нь хяналтаа бүрэн тавих хувилбарыг судалж байна. Гэхдээ үйл ажиллагааг нь бүрэн хянах ажлыг заавал Хөгжлийн банк хийх албагүй. Жишээлбэл, бид үйлдвэр ажиллуулах боловсон хүчингүй. Тэгэхээр хариуцсан салбарын яамдаас нь дэмжлэг хүсэх юм. Ер нь эдгээр туршлагаас харахад, банкны хувьд төслийн үр өгөөжийн судалгаа хийхээс гадна түүнийг хэрэгжүүлэх компанийн чадавх, засаглал, хүний нөөц зэргийг нь үнэлж, дүгнэх ажлыг орхигдуулсан тал ажиглагдаж байна. Тухайлбал, IPO хийн олон нийтээс хөрөнгө татаж буй компаниуд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг зохицуулагч байгууллагад маш олон төрлийн мэдээлэл гаргаж өгч, бизнесийн хувьд чадамжтай гэдгээ нотолдог шүү дээ. Үүнтэй адил зарчмаар, Хөгжлийн банкны зүгээс улс оронд стратегийн хувьд хэрэгтэй төсөл гэж санхүүжилт олгох тохиолдолд үр өгөөжөөс нь гадна түүнийг хэрэгжүүлэгч компани, хуулийн этгээд дээр “due diligence” буюу магадлан шинжилгээ, судалгаа хийх зайлшгүй шаардлагатай.
-Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Та бүхний зүгээс ямар өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн бэ?
-Банкны зүгээс тодорхой зарчмын саналуудыг Сангийн яаманд хүргүүлсэн. Хөгжлийн банк хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа тодорхойлъё гэсэн саналтай байгаа. Тодруулбал, Эксим банкны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах. Улсынхаа эдийн засгийг тэлэх, санхүүгийн эрсдэлийг бууруулах, мөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд борлуулахад дэмжлэг үзүүлж, импортын барааны төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх, экспортыг дэмжих төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон санал, санаачилгыг тусгасан. Түүнчлэн засаглалын хувьд томоохон өөрчлөлт хийх шаардлагатай нь харагдаж байна. Улс орны стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг УИХ, Засгийн газар тодорхойлох нь зөв. Өөрөөр хэлбэл, банкны зүгээс зөвхөн эрх барих байгууллагын баталсан төслүүдийг санхүүжүүлэх нь зарчимд нийцнэ. Харин банкны зүгээс тухайн төсөл санхүүгийн үр өгөөжтэй, санхүүжилтээ эргэн төлөх чадвартай, эсэхийг бие даан, хараат бусаар дүгнэх хэрэгтэй. Хэрэв санхүүгийн хувьд өгөөжгүй төсөл байвал Хөгжлийн банк оролцохгүй гэсэн үг. Хөгжлийн банкны шийдвэр гаргалтад хөндлөнгөөс нөлөөлөхийг оролддогийг таслан зогсоох, зээлдэгч нар санхүүжилтийг зориулалтын бусаар ашиглахаас сэргийлсэн эрх зүйн зохицуулалтуудыг тусгах санал хүргүүлсэн.
-Хөгжлийн банк цаашид Эксим банкны чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж та ярилаа. Энэ нь одоо мөрдөж буй Хөгжлийн банкны тухай хуульд “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах зэрэг нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна” гэж тусгаснаас юугаараа өөр байх вэ?
-Зарчмын хэд хэдэн ялгаа бий. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтод тусгасан, хөгжлийн 20 багц төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Экспортын багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлд тэдгээр төслийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас анхааръя гэж байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд зээл олгох юм. Арилжааны банкууд санхүүжүүлэх боломжтой төслүүдэд Хөгжлийн банк оролцохгүй. Жишээ нь, орон сууцын хорооллын төсөлд зээл олгохгүй гэсэн үг. Нэг нь арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл аваад, нөгөөх нь Хөгжлийн банкнаас бага хүүтэйг авч адилхан орон сууцын хороолол босгоод, иргэдэд зараад байж болохгүй.
Засгийн газар, УИХ-аас баталсан төсөлд санхүүжилт олгоно гэхээр янз бүрийн төслийн ТЭЗҮ авчирч магадгүй. Тэгвэл Засгийн газар, УИХ-аас тухайн төсөлд зээл олгох нь бодлогын хувьд зөв гэж үзвэл Хөгжлийн банк санхүүгийн модель нь боломжтой, эсэх тооцоог нь хийх юм. Хэрэв санхүүгийн нөхцөлийн хувьд шаардлага хангахгүй байвал уг төсөлд зээл олгохгүй. Мэдээж аливаа төслийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилтийн схем, бүтцийг нь боловсруулахад мэргэжлийн байгууллагын хувьд дэмжин зөвлөх болно. Жишээлбэл, энэ параметрийг нь өөрчилчихвөл банкны шаардлага хангана гэдэг ч юм уу. Товчхондоо, төсөл ашигтай ажиллахаар байвал Хөгжлийн банк зээл олгоно. Компани зээл авахаар ТЭЗҮ-ээ авчрахад нь дээр дурдсанчлан магадлан шинжилгээ хийх юм.
Хөгжлийн банкны хувьд төрийн нэрийн өмнөөс гадаад зах зээлээс хөрөнгө босгож эх үүсвэр татан төвлөрүүлдэг. Түүнийгээ “Ингэж, тэгж чадна” гэж худал амласан хүнд олгож болохгүй. Иймээс л тухайн төслийг хэрэгжүүлэх компанид судалгаа, шинжилгээ хийх ёстой. Өөрөөр хэлбэл, зээл өг гэсэн гээд л нүдээ аниад яваад байж болохгүй. Мөн гүйцэтгэлд нь анхнаас нь хяналт тавина.
-Экспортын худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Манай арилжааны банкуудад зээлийн шугам (credit line) нэлээд их бий. Гэхдээ бүтээгдэхүүн экспортлох гэж буй компаниуд түүнийг нь ашиглаж чаддаггүй. Хүү нь хэтэрхий өндөр учраас тэр. Банкуудын зүгээс компаниудын эрсдэлийг хэтэрхий өндөр байна гэж тооцож байгаа тул зээлийн хүү нь өндөр болчихоод буй хэрэг. Тиймээс экспортын худалдааг дэмжихийн тулд синдикат зээл нэвтрүүлье гэж байгаа. Тодруулбал, 100 тэрбумын зээлийн тодорхой хувийг нь Хөгжлийн банк, үлдсэнийг нь арилжааны банкууд олголоо гэж бодъё. Бид тодорхой хувьд нь баталгаа бичиж өгвөл эрсдэл нь багасах тул зээлийн нийт хүү нь буурна. Хөгжлийн банкны хувьд эрсдэлийг нь хуваалцаад эхэлнэ гэсэн үг. Энэ нь бүтээгдэхүүнээ экспортлохыг зорьж буй компаниудад эерэг нөлөөтэй. 10 тэрбумыг нь Хөгжлийн банк, үлдсэнийг нь өөр банк гаргалаа гэж төсөөлье л дөө. Тэгвэл 90 хувийнх нь 50 дээр нь манайх баталгаа бичиж өгвөл эрсдэл нь 40 хувь болж багасна. Арилжааны банкуудтай хамтарсан зээл олгосноор хяналт сайжрах ач холбогдолтой. Гэхдээ үүний тулд хэд хэдэн зохицуулалттай байх юм. Тухайлбал, тухайн компанийн экспортын орлого нь Хөгжлийн банкны дансаар дамжих учиртай. Нөгөө талд худалдан авагчийнх нь магадлан шинжилгээ, судалгааг Хөгжлийн банк хийх ёстой. Ер нь экспортын худалдааг дэмжих чиглэлээр энэ мэтчилэн маш олон бүтээгдэхүүн бий болгох юм.
-Аливаа төслийн өгөөж, шаардлагатай хөрөнгө оруулалт зэргийг нь харгалзан үзэж байж зээл олгоно гэж ойлголоо.
Хөгжлийн банк бол арилжааны банкнаас ялгаатай. Арилжааны банкуудад хүн өөрөө санаачилгаараа мөнгөө хадгалуулдаг. Хөгжлийн банкны хувьд улсынхаа нэрийн өмнөөс гадаадын Эксим, Хөгжлийн банк, хөрөнгө оруулагчид, сан зэргээс хөнгөлөлттэй эх үүсвэр татдаг. Иймээс улсын хөгжилд нөлөөтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадах хүнд нь л зээл олгох ёстой. Хөгжлийн банкны хувьд цаашид оршин тогтнох гол үндэс нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх явдал. Одоо бол бид маш хүнд байдалд орчихсон, тэдний итгэлийг алдахад тун ойрхон байна. Өнгөрсөн нэг сарын турш гадаадын хөрөнгө оруулагчидтай нэлээд ярилцсан. Тэдэнд “Чанаргүй активын хэмжээг бууруулах, зээлээ эргэн төлүүлэх арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч байна. 2022 оны гуравдугаар улиралд багтаагаад дуусгана. Түүний дараа жинхэнэ банкны чиг үүргээ хэрэгжүүлж, дараагийн хоёрдугаар үе шат руугаа орно” гэж хэлж байна л даа. Чанаргүй зээлийн хувь 55-д хүрсэн учраас дахин санхүүжилт (refi¬nance) хийх боломжгүй. Ямартай ч олон улсын үнэлгээний “S&P”, “Moody’s” агентлаг манай банкны рейтингийг саяхан “B” хэвээр үлдээсэн. Тэдний зүгээс “Үнэхээр төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бол харзная” гэсэн.
-Ерөнхий сайд өнгөрсөн сард Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийг өөрчилж чөлөөлөх чиглэл өгсөн. Энэ ажил ямар шатанд яваа бол?
-Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болохын хувьд Сангийн яамнаас хараат бус гишүүдийг сонгох юм. Уг процессыг Сангийн яамныхан хийж байгаа. Мөн тус яамнаас хараат гишүүдийг томилно.
-Хөгжлийн банканд 2016 онд Засгийн газрын ажлын хэсгээс хийсэн дүгнэлтийг ил болгохоор шийдвэрлэсэн. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд олон шалгалт хийсэн байдаг юм билээ. Гагцхүү тэдгээр дүгнэлт, зөвлөмжийн хүрээнд арга хэмжээ авсан, эсэх нь тодорхойгүй. Үүнийг тодорхой болгох шаардлагатай. Цаашид хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, авах арга хэмжээний саналуудыг цаг алдалгүй хэрэгжүүлж, засаж, сайжруулж, тухай бүрт нь шийдэх гарц гаргалгааг гаргаад явах хэрэгтэй.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
2022.03.14