Монгол Улсын иргэдийн Тайландын хаант улсад визгүй зорчих хугацаа 60 хоног байсныг 30 хоног болгож бууруулсан байна. Тус шийдвэр есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх ажээ.
Тодруулбал, Тайландын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг энэ оны наймдугаар сард танилцуулсан байна. Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор тус улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.
Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын хаант улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд тус улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчлэх ажээ.





























