Пүрэв, 8 сар 21, 2025

Туулын хурдны замын ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Уг замыг барих тендерт өнгөрсөн долоодугаар сарын 23-ны өдөр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулаад удаагүй байгаа юм.

Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9,878 метр урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, шинэлэг архитектурын өнгө төрхтэйгээр орчин үеийн стандартаар барих цогц авто замын төсөл болно гэгдэж буй.

Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна гэх тооцооллыг албаныхан гаргаад байна.

Тэгвэл бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр хоёр хоногийн өмнө газраа хөнджээ. Хотын даргын хэлснээр 24 сарын дотор зорчих хэсгээ нээх юм байна. Мөн энэ сарын 27, 28-нд тойрог хурдны замын тендерийг зарлана. Гэрээ хийвэл 30 сарын дотор хөдөлгөөнөө нээнэ. Ингэснээр түгжрэл 40 хувиар буурна" гэлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Их уншсан