Лхагва, 5 сар 14, 2025

Л.Оюун-Эрдэнэ: Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төсөл гараанаас гарлаа

Өнөөдөр мөн нээлтээ хийж буй Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд буцалтгүй тусламж үзүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Гашуунсухайт хилийн боомтыг экспорт, импортын 22 гарцтай болгож, нэвтрүүлэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлсэн нь улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, ажил эрхлэлт, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож, орон нутагт ээлтэй хилийн боомт болж байгааг онцолъё.

Эрхэм хүндэт зочид оо, 

Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн ШИНЭ ЭРИН эхэлж байна.

Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно.

Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.

Энэхүү экспортын төмөр зам холбогдсоноор олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол Улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана.

Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно.

Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлсэн дарааллын дагуу дараа дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсаныг өнөөдөр илэрхийлэхэд таатай байна.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс гүн боловсруулах аж үйлдвэр, технологийн салбарт Монгол Улс харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна.

Хурдтай хөгжлийн төлөө Зориг уриатайгаар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт ийнхүү гараанаас гарч байна.

Засгийн газар үлдэж буй МЕГА төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барьж, алдагдсан цаг хугацааны өртгөө нөхөж, ирээдүйн боломжийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулагчид, Засгийн газруудтай нягт хамтран ажиллах болно.

Монгол Улс БНХАУ, ОХУ-тай гурван улсын төмөр зам болон байгалийн хийн хоолой төслүүдийг явуулахын төлөө харилцан ашигтай хэлцлүүдэд идэвхтэй оролцох болно.

Гашуунсухайт-Ганцмод төмөрзам холбогдож, төмөр замаар нүүрс, бүтээгдэхүүн тээвэрлэх тэр өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Мөнхийн хөрш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин цэцэглэх болтугай” гэлээ.

Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Их уншсан