Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё эхэлснээс хойш дөрвөн өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн даваатай өвдөг шороодолгүй тэмцээнийг хошуучилж эхэлжээ. Тэрбээр сүүлийн гурван башёд өвдөгний бэртлийн улмаас барилдалгүй өнжсөн юм. Тэрбээр өчигдөр маэгаширагийн баруун жигүүрийн гурав дахь бөх Тобизарүг кимэдаши мэхээр өвдөг шороодуулжээ. Өнөөдөр Тэрүнофүжи маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвт эрэмбэлэгдсэн Уратай барилдана. Сүмогийн мэргэжилтнүүд их аварга Тэрүнофүжиг олон удаагийн башёг өнжсөний дараа ийнхүү амжилттай сайн барилдаж байгааг түүний хоёр дахь эргэн ирэлт гэж нэрлэж байна.
Тавдугаар сарын башёд монгол сүмочдоос Кирибаяма Б.Лхагвасүрэн, Хоошорюу С.Бямбасүрэн нар сэкивакэ цолтой барилдаж байгаа. Тэд хэн хэн нь гурван даваа, нэг унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 7-д, Дайшохо Ч.Шижирбаяр, Хокүсэйхо А.Даваанинж нар маэгаширагийн 11-т, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн 13-т, Миторюү Б.Төрболд маэгаширагийн 16-д тус тус эрэмбэлэгдэн барилдаж байна.