Өнөөдөр Монголын яруу найрагт тод мөрөө үлдээсэн авьяас билэгт яруу найрагчдын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэдний намтар, уран бүтээлээс уншигчдадаа толилуулъя.
Ринчиний Чойном
Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэндэлжээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7 настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан байна. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдий ч хожим 1951 онд товчлон хэлж, бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан ажээ.
Р.Чойном 1946 онд Дархан сумын бага сургуульд орж суралцаад 4-р ангийг 1950 онд онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Тэрбээр өөрийн хичээл зүтгэл, авьяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казах, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казах монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож байжээ..
1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт үсэг өрөгч, машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ. 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд Хотын Урчуудын Эвлэлийн Хороонд дагалдан барималчнаар ажилласан байна. 1957 онд Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураачаар ажилласан аж. 1958 онд Ясны сүрьеэгийн больницод 2 жил орчим хэвтэж эмчлүүлжээ. 1960 онд Хотын Соёлын ордонд зураачаар ажилласан 1966 он Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зураачаар ажилласан байна.
Р.Чойном 1969 оны наймдугаар сарын 6-нд НАХЯ-д дайчлагдан баривчлагдаж мөрдөгдсөн аж. Түүнийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдэг нэрийдлээр баривчлан шийтгэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид дөрвөн жил хорих ял оноожээ. 1973 онд суллагдаад 1976 он хүртэл Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагдсан. 1976-1979 Улаанбаатар хот руу орох зөвшөөрөл авч, найз нөхдийн гэр орноор амьдарч байжээ. 1979 оны дөрөвдүгээр сарын 24-нд 43 настайдаа сүрьеэ өвчнөөр таалал төгсчээ.
Азийн бардамнал
Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талыхаа тухай
Дуут өндөр сарьдагынхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна
Гүн зузаан хөвчийхөө тухай
Гүйдэлгүй жороо мөрөн голийхоо тухай
Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай
Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
Уурласан ч зэвсэгээ үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай
Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдэтнүүдийнхээ тухай
Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай
Хүслийн дээж шингэсэн найргаараа би дуулнам
Хаана чи төрсөн юм бэ гэж хатан дэлхий чи асуу
Хамгийг захирдаг омог дүрээрээ хавтас нээгээд асуу
Александер Дюмагаас асуусан шигээ асуу
Альшер Навойг залууд нь асуусан шигээ асуу
Хаан судар бичсэн Перодоусийг харангадуулсан шигээ асуу
Ханасан цэнгэлээс Пушкинийг хагацаасан шигээ асуу
Үлэмжийн их Байроныг үхүүлсэн шигээ асуу
Энүүнд чинь би гав ганцаараа
Үй түмэн шиг хариулъя
Ази тивд би төрсөн юм
Ази тив миний нутагаа
Аварга энэ орчлонгийн хаанаас нь ч ахиад олдошгүй
Ази миний нутаг
Арван галавын дэнсэн дээр
Арчигдаж хусагдаж явсан
Азаар дульхан дөрвөн тивийн
Алиныг ч би тоож төрөөгүй юм
Амьсгалахад агаар нь чөлөөтэй гэж
Амьдрахад газар нь чөлөөтэй гэж
Амсахад айраг нь амттай гэж
Амрахад алтанхан шороо нь зөөлөн юм гэж
Дуулахад хуур нь хөгтэй юм гэж
Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
Дуулимхан Азид миний бие мэндэлсэн юм
Ази тив намайг Австрали тив шиг
Араатан амьтнаар айлгалгүй хүлээж авсан юм
Ази тив намайг
Америк тив шиг алтан зоосонд
Алга тосуулалгүй хүлээж авсан юм
Ази тив намайг
Африк тив шиг ангаан цангаалгүй
Амраглан тэвэрч авсан юм
Ази тив намайг адгийн европ шиг
Аллаганд дуудалгүй алгаа тосож хүлээж авсан юм
Хүний уужим сэтгэл шиг хүй цагаан талд нь
Хүү нь юм шиг дэлчигнэнхэн байж
Шунхан улаан хаяатай манхан цэнхэр тэнгэрт нь би
Шувуу нь юм шиг шулгананхан байж
Захгүй талын одон болсон зааны сүүл шиг нууранд нь
Загас нь юм шиг шумбанхан байж
Орчлон их дэлхийг тойрч явсан
Ороо морьдын зоон дээр би
Онгон сахиус шиг дөрөөлөнхөн байж
Азын алтан шооны арван цагаан нүдэн дээр
Ам цагаан хулганы асаасан галын дөлөн дээр
Есөн цагаан мэнгэний нүх таарууланхан төрсөн юм би
Ертөнцийн гуа хүүхнүүдийн нүд дагууланхан өссөн юм би
Усан намаг бамбалзаагүй уужим энэ их Азийн тал
Утаа тортогт бөрөлзөөгүй урьхан хонгор миний тал
Улсын нуруу бөмбөлзөөгүй угаас чөлөөт Монголын тал
Ухааныг минь тэлэн тэлэн өсгөсөн
Уяхан замбуу тивийн минь тал нутагаа
Хомбон туурайт морьдын хурдан хөлөөр бутарсан
Цахиур хар чулуу цагаан толгойт таана
Газар тэнгэрийг холбосон Гандирсын уран балгас
Галбын улаан тэмээгээр ганхуулж явдаг нутаг
Хужир шүүгээр захалсан хуурай нуурын хонхор
Аварга матрын арьс шиг арсайн хатсан шавар
Цагын саалтанд бөхөлзсөн цагаан дэрсний түрүү
Царцаа дэвхрэг шаагсан цайдам өргөн хөндий
Дун цагаан хоньд минь дураараа бэлчдэг талбай
Дуучин Монгол бэр минь дуулж суудаг талбар
Алчуур шилбүүр хоёрын алдрын нь авсан удам
Арван есөн зууныг айрагдаж өнгөрөөсөн омог
Хорвоогийн эрээн амьдралыг хорин живаа жилийг
Хоёр хялгасандаа багтааж хоолой мэдэнхэн дуулдаг
Энэ хорвоод хосгүй эсгий туургатны нутаг
Эрээн алаг лимбэний эгшиг шингэсэн Ази
Ази тив шиг уужим тив алтан дэлхийд байна уу
Азийн тал шиг тал ахиад цаана нь байна уу
Талийн хар нүдэн шиг танхилхан зоримог охидыг
Энүүнээс өөр дөрвөн тивд үзээд өгье, дахиад байна уу
Өсөн хөлжих тусмаа өндөр болохыг хүснэ би
Өнөр баян Азийнхаа уулс шиг өсөхийг хүснэм би
Орчлон их дэлхий дээр оргил булаалдах ижилгүй
Омог сүрээрээ мандсан Гималай шиг болохыг хүснэм би
Түмэн жилийн цас мөс шиг түүх намтраа бууралтуулан
Тэргүүн дээрээ өргөн өргөсөөр тэнгэрт тулахыг хүснэм би
Алдартай явсан өвгөдийнхөө алдрыг дуулахыг хүснэм би
Аварга энэ орчлонг уяртал аялан дуулахыг хүснэм би
Хэрлэн Гоожийн хөндийд хэнд ч мэдэгдэлгүй хадгалсан
Баатар Чингисийн шарилаар бахархан байж дуулнам би
Цэнхэрхээн тэнгэртээ цэцэн цэлмэг миний Ази
Түүхээн бүтээсэн түмнээ замчилсан
Цал буурал алдартнуудыг
Цагийн саалтанд мартдаггүй юм
Хас төр нь уналаа ч
Хаадаан бид муулахгүй
Хальтирч гарсан алдааг нь харааж байхыг нь дуулаагүй
Анхны сумаар онох гэж европ шиг бид онгирохгүй
Алдаж байж онодог ёсыг бид андахгүй
Их ололтыг дагаж их алдаа явдаг юм
Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм
Уламжлалт ийм заншилтайгаас , уудам дэлгэр миний Ази
Урт удаан түүхэндээ Ухаантан олныг төрүүлсэн юм
Урьдын тэр мэргэдийн удам болж төрсөн юм би
Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь туурийг хатаахаар өссөн юм би
Очирбатын Дашбалбар
Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар 1957 оны хоёрдугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт мэндэлжээ. 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн байна. Тэрбээр “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Гэрэлт хайр”, “Бурханы мэлмий” зэрэг 10 гаруй ном хэвлүүлжээ. Эдгээр номд түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтсан байдаг.
1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд Төрийн шагнал хүртсэн. 1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-ын гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байлаа.
Нэрт яруу найрагчаас гадна О.Дашбалбар Монголын улс төрд тод мөртэй, том орон зайтай, эх оронч, шударга ёсны төлөө тэмцэгч байлаа. Тэрэбэр парламентын дугуй танхимын индэр дээрээс “Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол “зөвшилцөж” улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг”, “Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг. Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй” гэж хэлж байсан юм. Тэрбээр “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас” зэрэг эх орныхоо түүх, өв соёл, эх хэлнийхээ төлөө энэлж шаналан бичсэн дайчин хурц нийтлэлээрээ 1990-ээд онд оюун сэтгэлгээний хувьсгалыг хийлцсэн нэрт нийтлэлч билээ. Нэрт яруу найрагч О.Дашбалбар 1999 оны 10-р сарын 16-нд дөнгөж 42 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ.
Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайрласаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуньж, цаадах чинь дуулах болно
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Лхамсүрэнжавын Ганзул
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Л.Ганзул 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Баян-Агт сумын 8 жилийн дунд сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакци, Зиндаа.мн сайт, “Зиндаа” сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч, уран бүтээлч байв.
Л.Ганзул “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлжээ. Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол, тэмдэг, шагнал хүртээжээ. Тэрбээр "Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байжээ.
Гоо сайхан гэдэг нь
Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн тус газар оршдог
Тод үзэсгэлэн юм
Голын цүнхээлд загас цойлох үдшийн
Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм
Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн зүгээс нисэн алдах
Түг, түг анир юм
Үсийг нь илэх төдийхөнд
Өвсөн дээр алчуур унах мөч юм
Гоо сайхан гэдэг ямагт
Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм
Гоо сайхан гэдэг үргэлж
Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм
Гоо сайхан гэдэг ердөө
Намрын жимсний гашуун амт юм
Гоо сайхан гэдэг зөвхөн
Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм
Гоо сайхан гэдэг энгийнээр
Хорвоо бид хоёрын дундын өмч юм
Гоо сайхан гэдэг эцэстээ
Хайр гэдэг үгний өргөмөл охин юм
Гоо сайхан гэдэг
Надад оршиж
Надаар хэмжигдэнэ
Гоо сайхан гэдэг
Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх
Нүцгэн биеэс цааш
Бүр хэний ч олж үзээгүй
Миний төсөөллийн гүн дэх
Ягаанхан хацартай охины
Инээмсэглэл юм аа.
Сэтгэлийн мөргөл
Мөндөр цайрсан тэнгэрийн дор
Өлгийтэй бурхан байхад минь
Мөнхийн энэрэлт ижий минь надад
Мөргөж үнсдэг байлаа.
Бойтогны хонхонд хөл оруулж
Борвио тэнийлгэн гүйхэд минь
Бодолдоо нартай ижий минь надад
Сөгдөж үнсдэг байлаа
Айлын азайд магтуулан
Тусад орохын цагт минь
Авралын тэнгэртэй ижий минь
Залбирч үнсдэг байлаа
Нойтон даль дэвсээр
Шувууд буцахын цагаар
Намрын нар шиг ижийдээ би
Залбирч үнсүүлдэг боллоо.
Хаврын цэнхэр яргуйн дээр
Жаргал нүдлэхийн үеэр
Хайрын далай ижийдээ би
Сөгдөж үнсүүлдэг боллоо
Тэнгэрийн цагаан цасан
Санчиганд нь гэрэлтсэнээс хойш
Дэлхийн нар ижийдээ би
Мөргөж үнсүүлдэг боллоо…