Ням, 11 сар 24, 2024

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран арав дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн ажиллагаа өнөөдөр Баянхонгор аймагт эхэллээ.

Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Аляскийн Агаарын үндэсний гвардын командлагчийн орлогч, бригадын генерал Трейси Смит, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, АНУ-ын Элчин сайдын яамны Цэргийн туслах атташе, хошууч Сара Гүүдроу, Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Рено Бамфорд, Аляскийн Агаарын үндэсний гвардын эмнэлгийн бүлгийн командлагч, хурандаа Жулие Грейшонс нарын хүндэт зочид оролцлоо.

Түүнчлэн энэ удаагийн “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, яам, агентлаг, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймаг, Австрали,  БНСУ, Вьетнам, Зүүн Тимор, Их Британи, Индонез, Канад, Лаос, Непал, Турк, Тайланд, Филиппин, Япон улс, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

“Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн удирдлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ, “Гамшиг нь нэг улс орны тулгамдсан асуудал төдий биш бүс нутаг, тив, дэлхийн асуудал болохыг харуулсан жишээ бол сүүлийн 2 жил тохиолдсон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал юм. Иймд дэлхийн улс орнууд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх, бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон нийтэд тулгуурласан менежментийг хөгжүүлэх, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлох, хот төлөвлөлтийг сайжруулах, бэлэн байдлыг хангах зэрэг асуудлаар хамтран ажиллах, туршлагаа солилцох зайлшгүй шаардлага байна.

Үүнээс гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ нь төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, холбоо, зарлан мэдээллийг бий болгох, нөөцийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлснээр биелэлээ олдог юм. Үүний салшгүй хэсэг нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага сургууль билээ.

Иймд, Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах зохицуулалтыг төгөлдөржүүлэх бодлогын хүрээнд Говийн чоно арга хэмжээг дэмжиж, жил бүр зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан 9 удаагийн Говийн чоно арга хэмжээ нь Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөлтийн баримт бичгийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, аврагчдын ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлагаас суралцахад тодорхой хувь нэмэр оруулсан.

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран гэнэтийн ослын удирдлагын системийн талаар шат дараалсан сургалт зохион байгуулсны үр дүнд Монгол Улс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед онцгой байдлын ажиллагааны төвийн бүтэц зохион байгуулалтаар амжилттай ажилласан” хэмээн онцоллоо.

Энэ удаагийн дадлага сургууль нь  “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь гамшгийн удирдлага, команд штабын дадлага, нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр явагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дараагийн мэдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Их уншсан